Home > Замын тэмдэглэл > ЦАСТ ЦАГААН УУЛ ЦАДИГ ТҮҮХ ХҮҮРНЭЛЭЭ_01

ЦАСТ ЦАГААН УУЛ ЦАДИГ ТҮҮХ ХҮҮРНЭЛЭЭ_01

Го. Акимын “Туульс хайлдаг уулс” номноос

1.    “Суварга болон ургасан” уулын цээжээр аяласан тэмдэглэл

This slideshow requires JavaScript.

                                                                        Мөнх цасан эхтэй

                                                                        Мөлгөр чулуун оргилтой

                                                                        Өргөн түмэн, хүдэр өндөр

                                                                        Баян хан Алтай нутаг минь гэв гэнэ ээ

                                                                                                      Алтайн магтаалаас

Гурван Цэнхэрийн хэмээх тодотголт гайхамшигт агуйг Монголд мэдэхгүй хүн ховор буй заа. Нээрээ л цувж яваа тэмээ шиг цэнхэр гурван уул шил шилээ даран дуниартаж байна. Энэ уулсыг урианхайчуул Гурван Сэнхэрийн уул гэнэ. Тийм ээ, Дээд, Дунд, Доод Сэнхэр гэж энэ гурвыг нэрлэнэ. Бидний суусан засаг даргын 69 машин Дунд Сэнхэрийн ам хэмээх давчуу бөгөөд сүрлэг хавцлаар нар шингэхийн алдад шурган орлоо. Сэнхэрийн гол хад элээн доошоогоо оволзоно. Бидний машин хад хэлтлэн  дээшээгээ овогноно. Энэ ам машин, гол хоёрын зөрлөгийн газар юм уу даа. Баатарлаг туулиараа алдартай Урианхан түмний нэг нутаг Мөнххайрхан сумыг зорьж яваа минь энэ. Жилийн өмнөсөн. Урианхайн нэрт сэхээтэн П. Цагаантай утсаар ярьж, Монголын их уулсын тухай нэг ном бичих санаатай байгаагаа хэлбэл тэрвээр “Таны номонд манай Мөнххайрхан уул орж байгаа юу?” гэж асуусан юм. “Ороогүй” гэж үнэнээ л хэлбэл Цагаан “Өө, манай нутгийн их хайрхан орохгүй юм бол таны ном ямар ном болдог юм” гэхэд нь “Их уул их хол шүү дээ. Би хүрч дөнгөхгүй болов уу” гэхэд минь “Би туслана аа” гэсэн. Цагаан хэлсэн амандаа эзэн сууж, Урианхайн бас нэг нэртэй хүү Адьшаатай намайг танилцуулаад, эх нутгаа, элгэн урианхайгаа гэдэг тэр залуу намайг нааш нь “шидсэн” нь энэ бөлгөө. Тийм ээ, цэлгэр талд төрсөн би Цаст цагаан ууланд мөргөх гэж явна.

Мөнгөн зоотой

            Мөсөн ирмэгтэй

            Мөнх цагаан уулын

            Оргил дээр гүйлгэн гарч…гэж “Хаан Чингэл баатар” туульд гардаг шиг Цаст цагаан уулын оргилыг зорьж явна. Гэвч Хаан Чингэл баатар шиг оргил дээр нь гүйлгэн гарч үл чадах би гагцхүү сэтгэлээрээ л оргилд нь хүрч дөнгөхийн учирт их хайрханыг цээжиндээ ургууланхан явж л чадах ажаам. “Хэвтэж байгаа цагаан арслангийн хэвтэй” гэж домоглодог. Яг тэгэж харагддаг талаас нь харж чадах болов уу? Харанхуй болжээ. Хоёр талын ханан хавцал сүүхийн харлаж, хад асга цөм бараалаад, гэрэлтэй юм гэвэл тэртээ дээр эрвийж сэрвийх шовх шовгор оргилуудад өлгөгдсөн ганц тэнгэр л ажгуу. Цавчим хоёр хавцал цээжийг минь хавчин дотор бачууруулах мэт. Тэртээ дээр гэрэлтэх тэнгэрийн задгай тийш цойлон уужирмаар аа. Уртын дуу нь арван зүгтээ урсан тархдаг уудам талаас маань уулсын хаад их ялгаатай юм аа. Уудам талын хүн би уулсын ихийг эрмэлзэнэ. Тийм ээ, ууланд татагддаггүй хүн байдаг гэж үү? Хүнийг татах гүр хөх ууланд байдаг юм биш үү? Гэхдээ илбийн цэнхэр талд ч амьтныг татах соронз бас бий. Уул тал хоёр нь арга билиг хоёр гэж нэг бичсэн минь ийм л учиртай.  Аялаж явахад адал явдалтай тулгарахгүй бол ямар аялал байх билээ гэгчээр шаварт хөөрхөн сууж үзэв. Шавар ухах нь дээ гэж айж байтал ард яваа фургон нарийхан олсоор хөвх хийтэл татаад гаргачихав. Дөрвөн дугуй нь дөрвүүл эргэхээ байсан тэрэгтэй бид таараад жолооч нар оролдон байж эргэдэг болгоод чирэн одохыг харлаа. Гэрэл нь унтрачихаар дээр нь чулуу тавьж асаачихаад хурдлан оддог машинтай ч дайралдлаа. Монголчууд оросын тэргийг унаарын морь шигээ эдлэдэг болсон нь энэ дээ гэж, хөдөөгийн жолооч нар хотынх шиг бус, нэгийгээ “суусан” байхад туслах гэж ханцуй шамлан орох юм даа, монгол хүний мөс чанар хөдөөд маань л байна даа гэж сэтгэлд харваж байна. Ийнхүү галигуулсаар, тонгочуулсаар шөнө дүлийн үес Мөнххаан сумын төвд ирэвэй…Мөнххаан сум. Сум нийтдээ 586 өрхтэй, 2400 хүн амтай. 93 мянган толгой малтай. Хүн амын 97. 6 хувь нь урианхай нар гэж С.Жимсээ дарга ярьсан. Хувьсгал гээч гарснаас хойш урианхай нарыг хэд ч салгаж, хичнээн ч тасдсан юм дээ. Хөх тэнгэрийг мөрлөсөн Хүжийн Хөх Өндөр, оройн нарны туяанд орой нь галын заль шиг бадардаг Ямаат Улаан уулын хооронд сумын төв оршдог аж. Дээшээ харвал Дахын дээд ам задгайрч, доошоо харвал Дунд хаалгын доод ам битүүрчээ. Ямаат Улааны бэлд тулгын гурван чулуу шиг хар толгой буй. “Энэ л дагшин газрыг түшиж сумын төвөө байгуулъя гэсэн санааг нутгийн аг сахал Ч.Риймэд гуай гаргаж, 1964 онд шавыг тавьснаас хойш манай сум сайн явж байна” гэж багш, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр хуучилсан…

Маргааш өглөө нь…

Өглөө бид Алагийн буурал хайрхан орохоор хөдлөв. Мөнххайрханы байгалийн цогцолбор газрын дарга Т. Лхагвадорж намайг их уулсаар аялуулах хөтөч маань болжээ. Бид урьд шөнө ирсэн хавцлаараа буюу Дунд хаалгын доод амаар эргэн уруудсанаа Сартагтай баатар аварга могойн сүүлийг дарсан Устайн амны цагаан хадаар дайраад Алгын усны хөндийгөөр эргэлээ. Алаг тэхийн уулнаас эх авсан энэ голыг Алагийн ус гэнэ. Энэ голоос амссан хүн дуучин болдог гэж эндэхийнхэн бахархана. Нээрээ л, энэ орчимд төрсөн хүүхдүүд хөөрхөн хоолойтой болдог гэнэ. Алаг Тэхийн тэнгэр шорлосон шовх оргилыг харж, Алагийн усны шидэт домгийг сонсохдоо:

             Алаг тэхийн уулнаас л

            Алагийн ус нь урсна аа, хөө

            Алгийн уснаас амсваас л

            Алтан гургалдай шиг дуулна аа, хөө

            Буурал хайрханы бэлээс л

            Булгийн ус нь бургилна аа, хөө

            Бургилсан уснаас нь балгаваас л

            Бэлгэтэй тууль хайлна аа, хөө

           Уулын ихийн өврөөс л

           Увьдастай ус нь ундарна аа, хөө

            Увьдастай уснаас нь ууваас л

            Урианхай түмнээ дуулна аа, хөө  гэсэн шүлэгрэхүү юм цээжинд бууж байх юм. Би шүлэгч яавчиг биш. Гэвч хүдэх намайг ч холбоо хэлэх гэж оролдуулах нэгэн увьдас уран энэ байгальд шингэж үү дээ. Тэгвэл хүнийг дуучин болгодог увьдастай шиг ээ туульчин болгох чадалтай юм биш байгаа? Тухайлахад, туульч Хөвчийн Сэрээтэр гэхэд л энд мэндэлжээ. Тэрвээр “Алтайн магтаал”, “Хар хөхөл баатар” зэргийг хайлдаг, 1983 онд Залуучууд оюутны урлагийн их наадамд оролцож, МХЗЭ-ийн ТХ-ны тусгай шагнал хүртэж байжээ. “Монгол урианхай туульчдын нэгэн онцлог гэвээс тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэмээх оршил магтаалыг ихээхэн ёс төртэйгээр уянгалуулан хайлсны дараа сая туулиа хайлдаг бичигдээгүй хууль хэдэн зууны тэртээгээс мөрдөгдөж иржээ” гэж судлаач Б.Катуу бичсэн байна. Тиймээс “Алтайгүй тууль тууль биш, авгайгүй айл айл биш” гэсэн зүйр үг байдаг аж. Тийм ээ, Урианхай түмэн баатарлаг тууль, туульчдаараа гайхуулдаг билээ л. Шинжааны Ээв гол дээр Тавьтай туульчийн үлээж байсан хулсан цуур Ховдын орон нутгийг судлах музейд тавиастай байна билээ.

Бид өгссөөр Цагаан сай(сайр)-д хүрч явгалаад, Жоншин хэмээх цоорхой оройтой том хүнхэр агуй өөд мацаж, шаргин гулсах хайрганд хальтарч барьж, хөрвөж тусаж баймааж нь тийш орж үзлээ. Агуй өөрөө гэр шиг дугуй, өндөр адар нь хүнхэр, цоорхой орой нь тооно шиг юм аа. Сумын хоёр хүүхэд энэ сайд тоглож яваад, хадны завсраас эртний хүний занданшсан шарил олсон боловч айхдаа гаргаж хаячихаад явчихсан нь үгүй болсон гэнэ. Хайран хайран! Хүүхдийг яалтай билээ л. Цаст цагаан уулнаас худалч хүнд бол гар сунгахын зайд байх Шомбуузын бэлчирийн булшнаас нялзрай хүүхэдтэй бүсгүй хүний шарил олдсон нь дэлхийд ихээхэн шуугиан тарьсан. Их уулс эртний хүмүүсийг нөмөр нөөлөгтөө авч, үхэхэд нь өвөр элгэндээ өлгийдэж байж дээ. Одоо ч гэсэн дээ. Эл бүгдийн дундаас эртний тэр хүмүүсийн оромж болж, уран сэтгэлгээгээ илэрхийлэх уран зургийн “зотон” болж асан Гурван Цэнхэрийн (Сэнхэрийн) агуй дэндүү алдартайг нуршаад юу хийнэ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд Лхагвадорж маань Хөх Сайгийн дөрөлж дээр намайг гаргалаа. Хараац сайтай энэ дөрөлжөөс сархиагтсан номин уул бөмбийх нь нүдэнд туслаа. Энэ бол Алгийн буурал хайрхан. Алгийн буурал хайрхан над ийм нэг тууль хайллаа. Манай энэ хавьд нэг хүү ээжтэйгээ хоёулан суудаг асан. Тэгээд?..Тэр залуу ан хийж амь зуудаг байсан тул нэг өдөр Алгийн Буурал хайрханд гөрөөлөхөөр гарчээ. Тэгтэл нэг ямаа(янгир) таарчээ. Буудах гэтэл цагаан өвс овоог нь хаачихаад болж өгдөггүй гэнэ. Гэсэн ч залуу гох мултлаад, янгирын хөлийг нь хуга буудчихаж. Ямаа цааш зугтаж, хүү хойноос нь хөөж дээ. Гэтэл Хулгайчийн онгорхой(хонхорхой)-д ууль хар урц байх юм гэнэ. Урцанд нэг эмгэн байж, урцныхаа баруун хатавчинд ишигтэй доголон хар ямааг уячихсан байна. Эмгэн хэлж байх юм гэнэ. “Ямааг буудуулахгүй гэж тэвнээр ташаалсаар байтал чи буудчихлаа. Сүүтэй ямаа байсан юм” гээд “Дахиад ан бүү хий. Замд чинь цагаан үхэр тааралдана. Түүнийг аваачиж мал хийж аваарай” гэжээ. Мориндоо мордоод эргээд хартал урц байсан газар хов хоосон. Доош буухад нүд нь сохорон нуухтсан цагаан сарлаг байж. Хүү сарлагийн нүдийг нь угаагаад гэртээ аваачиж мал болгож авчээ. Тэднийх олон үхэртэй болжээ. Хүү дахиад ан хийсэнгүй.

Алгийн Буурал уулын савдаг нь эмэгтэй хүн байдаг, тэр хүнд ер үзэгддэггүй, харин хүүтэй тааралдсан нь ганц тэр гэнэ. Энэ домгийг нутгийн жарваахайн(чоно) эрлэг Б. Содгэрэл над ярьж өгсөн юм. Тэрвээр ноднин 5 чоно, энэ жил 9 чоно нударсан гэнэ. Гэвч нутгийнхаа ганц том цагаан чоныг хайрладаг, өөрийнхөө шүтээн гэж үздэг. Хачирхалтай нь, тэр цагаан чонотой тааралдсан өдөр Содгэрэл заавал чоно агнадаг гэнэ. Тийм ээ, чонондоо ээлгүй чоно байдаг нь жигтэй. Аль жигтэйг тэр гэх вэ, Цастад улаан буурал чоно байдаг гэж Бадлаа өвгөн нэг хэлсэн.

Алгийн Буурал Хайрхан бол Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Адьшаагийн унасан газар, Алгийн гол бол угаасан ус нь. Мөнххайрхан сумын өдөрлөг Улаанбаатар хотод болоход Мөнххайрхан уулын хишиг барилдааныг Бөхийн өргөөнд явуулж, Адьшаа үүнийг ивээн тэтгэжээ. “Адьшаа нутаг орондоо нийгмийн шинжтэй арга хэмжээг байнга дэмжиж байдаг” гэж Жимсээ дарга бахархангуй өгүүлсэн. Тийм ээ, Ховд аймгийн төвд зууннайман суварга бүхий том хийд байгуулах ажлыг зохион байгуулж, өөрөө ч хөрөнгө оруулж, өрөөлийн хөрөнгийг ч татсан, 108 боть Ганжуурыг тэнд залсан хүн бол Адьшаа мөнөөс мөн. Тэрвээр Улаан ямаат уул өөд өгсөөн шат байгуулсан нь ховдынхны чөлөөт цагтаа авирч биеэ чийрэгжүүлдэг, өлгий болсон хотоо өндрөөс тольддог зугаалгын газар нэгэнт болжээ.

Мөнх цаст таван оргилоороо нар тосон сунайх хөх уул тэртээ баруун урд мөнөөхөн дөрөлж дээрээс хараа булаах нь Цаст цагаан уул ажээ. Очъё гэж, харъя гэж, мөргөе гэж жил шахам мөрөөдсөн их уулынхаа барааг анх харж баяслаав шүү…

Маргааш өглөө нь…

Маргааш өглөө нь бид Цаст цагаан уул хэмээх Мөнххайрханы зүг мордлоо. Цаст уулын цалгисан яруу найрагч С.Бүрнээ манай багт хэдийнэ элсчээ. Урьд үдэш нь “Зүүдэнд ирсэн ижий” номоо бэлэглэсэн түүн лүгээ ижий ахай болон танилцсан. Ер хотоос ирсэн нэгнээ хөдөөгийн уран бүтээлчид элгэмсэн дагадаг нь гэм биш зан. Чингээд бид Дахын дээд амруу хөдлөлөө. Сумын төвөөс холгүйхэн Тэлэнгэтийн буган чулуун хөшөө гэж байна. Үүн дээр буга бус бух дүрсэлжээ. Сэлмэн эвэртэй бух нүдээ томоор эргэлдүүлэн, охор сүүлээ ялихгүй сөхсхийн хэрсэн нь сүртэй. Хөшөөний дээд талд сацраг бүхий нар дүрсэлжээ. Бухын доод талд угалзан эвэртэй  тэх сүүлээ модойлгоод давхиж байх бололтой. “Манай орноос олдоод байгаа буган чулуун хөшөөдийн дотроос бух гүйцэд дүрсэлсэн нь манай энэ ганц” гэж Лхагвадорж бахархсан. Арал толгойн хадан дээр мөн зэрлэг бух дүрсэлсэн(гэхдээ дутуу)-ийг эрдэмтэд Хүрэл зэвсгээс өмнөх үерүү хамааруулсан байдаг. Ийнхүү үе үед бух яагаад дүрсээд байв гэвэл эртний нүүдэлчин аймгууд үхэр шүтдэг байсантай холбоотой нь мэдээж. Тухайн хөшөөний бух, түүнчилэн янгир хоёрын учрыг Хөх Түрэгийн бэлгэдэлийн ойлголтод янгир(түрэгээр “сэрке”) нь арга, хөх бух нь билиг болж байснаар тайлж болох мэт.  Дунд үеийн монголчууд ч үхэр шүтэж байсан тухай цагаан дээр хараар бичсэн баримт “Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдэн үлдсэн нь, “Хорчи ирж өгүүлрүүн: “…Ухаагч үнээ ирж, Жамухыг орчиж явж, гэр тэргийг инү мөргөлөөд, Жамухыг мөргөж, өрөөл эврээ хугалж, солжир эвэрт болж, “Эврийг минь ац!” хэмээн хэмээн, Жамухын зүг мөөрөн мөөрөн шороо сацан сацан байму. Мухлар ухаан үхэр их гэрлүгэг дээр өргөж, хөлж зүтгэж, Тэмүжиний хойноос их тэргүүгээр мөөрөн мөөрөн айсахдаа…” гэж байна. Энд ухаагч үнээ зөнч виваангардичийн байдлаар гарч байна. Эврийн тухай өгүүлсэн нь ч учиртай бололтой. Чоно дайрахад үхэр эврээ дэвсдэг, чоно үхрийн эвэр хүрвэл хамуурна гэж айгаад халддаггүй гэж малчид домоглодог. Чингэхлээр үхрийн эврийг ч ид шидтэй гэж үзэж байсан байж болох талтай. Ер нь бол үхрийг шүтэж байсны улбаа нуурнаас гарч ирж урамддаг хөх бухын үлгэр байж мэднэ. Ийм үлгэр хаа л бол буй.Үхэрийг шүтэгчид нь зөвхөн Монголын нутгаар хязгаарлагдахгүй, лав Азид байсан нь тодорхой. Хэвтэж байгаа үхрийг босголгүй тойрч гардаг, үхрийн мах идэхийг цээрлэдэг энэтхэгчүүд энд лавтайяа багтана. Мөн Тэлэнгэт гэхээр Тэлэнгүт овгийнхны нэрийг энэ ам хадгалсан байж магадгүй гэж над бас бодогдсон. Доод Улаан говийн хоёр хүн чулууг үзвээс нэг нь нар салхинд нэлээд идэгдсэн ч нэг нь сайхнаараа байна. Зөв гартаа хундага барьж, солгой гарын хурууг сарвайлган хутганы(сэлэмний) бариул дээр тавьсан нэгэн баатрыг дүрсэлжээ. Энэ нь Түрэгийн үеийн хүн чулуу. Манай эриний 6-7-р зуун. Цааш давхисаар Сартагтай баатрын аварга могойн толгойг нь дарсан Хэрсэн чулуун дээр очлоо. Өчигдөр сүүлийг нь дарсан чулууг үзсэн. Энэ хоёр хад лавтайяа 20-иод км-ын зайтай. Мөн ч урт могой байж дээ. Ийм урт могойг аварга гэлгүй ч яах вэ! Могой уг нь 77 лусын эзэн гэнэ. Хичнээн лусын эзэн байлаа ч хүн мал идэж, уул ус тээрэмдээд байвал даралгүй яах билээ л!..

Тээрэмдэх гэснээс тэндээс Мааньтийн тэрэмийн хад орлоо. Тэрэм гэдэг нь урианхай аялгуунд хана гэсэн үг. Нээрээ л, хана дугуйруулсан мэт баржгар хадан хүрээ байна. Хадны зургийг энд харин сийлж өгч дээ. Голдуу янгир, бугын зураг байна. Сүүлэндээ хүрсэн урт сэлмэн эвэртэй тэх ч харайлгаж явна, угалз мэт махиралдсан эвэртэй тэх ч дүүлж байна. Модны мөчир шиг эвэртэй этэр ч явж л байна. Энэ бүхнийг эртний zoomorphic style гэх амьтныг хийсвэрлэн зурдаг арга буюу амьтны хээ гэдэг аргаар зурсан байна гэж би бодож байлаа. Гэтэл урианхай өтгөс, урдуураа улаан хөлтийг гаргаж үзээгүй гөрөөчин С.Балдаа гуайтай хойт өдөр нь хуучилж суутал тэрвээр намайг хэлээгүй байхад тийм янгир агнаж байснаа ярьсан юм. Тэгэхлээр Чулуун зэвсгийн үеийн зураачид өөрийн харсан юмаа бодтой зурж үлдээж шүү. Тэгэхлээр тийм тэх өнөө үеийг ч хүрч ирсэн байж шүү.

Мааньтийн тэрмийн хадан дээгүүр Цаст цагаан уулын урд оргил цавцайн байна. Урианхай нар бол хойт талын гэж ярина. Эдний зүг төвийн болон зүүн монголчуудынхаас нэлээд ялгаатай. Гэрийнхээ үүдийг нар мандах зүг харуулж барьдаг тул нэлээдээр барахгүй зөрүүтэй. Ингээд бид Хөх нуурын хүрхрээ орсон юм. Хөх нуур гэхэд сонин бодол сэтгэлд төрж байлаа. Гурван Сэнхэр, Сэнхэрийн гол(Сэнгүр горхин), Хөх нуур… Эдний ярианд Гурван голын эх гэсэн газрын нэр бас нэг гараадахсан. Эзэн Чингисийн үед Бурхан Халдунаа нутаглаж байсан урианхад нар хувь заяаны эрхээр энд нүүж ирээд уугуул нутгийнхаа газрын нэрсийг өгчихсөн юм биш байгаа? Гэрээ ч нар гарах зүг харуулж барьдаг нь Бурхан халдуныхаа зүгийг бэлгэддэг юм биш байгаа? Урианхайн “Ах сум” гэж байж. Хошууны ихэс ноёд энд багтдаг байсан байна. Энд “холдун” гэж элкхэн бий гэж Лхагвадорж хэлсэн. “Холдун” гэхэд нь “халдун” гэж сэтгэлд сэрхийж байна билээ. Тэр нь Бурхан Халдуны “халдун” биш байгаа? Энэ бүгд нь миний таамаг төдий ч юмыг яаж мэдэх билээ л. Уулын сүр, усны хүчийг үзүүлэх Хөх нуурын хүрхрээ налуу энгэрээр начигнан цовхчиж бууснаа хөх боржин чулуун доогуур нам шургаад Хөх нуураа сэм тэтгэнэ. Нэг хоёрхон цагийн өмнө Мааньтийн тэрэм дээгүүр цавцайн байсан оргил одоо болохоор будан дотор нуугдаад, үзэгдэхгүй шахам буурайж байх юм. Их уулын араншин гэж!

Бид Усан нийлдэгийн овоон дээр гарлаа. Энэ овоон дээр Жамъянгарав оргилын тахилга болдог байна. Жамъянгарав оргил ч тэргүүнээ үүлэнд нуужээ.

Мөнх хайрханы оргил хэдэн өдөртөө битүү

Мөлхөө цагаан манан гэрийн гадаа чөдөртэй гэж Бүрнээгийн шүлэглэсэн нь үнэн аж. Их уул зулайгаа нуухаа хүрвэл ч нуучихдаг, харуулахаа хүрвэл ч харуулчихдаг. Энэ удаа надаас зулайгаа нуужээ. “Хэдэн өдөртөө битүү байхвий гэж жаахан түшивч үүл духдуулсан өндөр оргил гэрэл зураг дээр ямар гайхалтай гоё гардаг гээ! Иймд “угалзан үүл ороосон байхад минь уртайхнаар зургийг минь ав даа, энэ бол алдаж болохгүй нэг агшин шүү гэж байна” хэмээн сэтгэлээ тайтгаруулна. Харин гурав хоногийн дараа Хортын хөтөл дээр гарахад минь таван цагаан оргилоо товойлгож над үзүүлсээн. Цаст цагаан уулын таван оргилыг урьд нь Таван Хурмаст гэдэг байж. Нийгэм журмын гэх үед үзэл сурталдаж уг нэрийг Таван хумст болгон сольсон байна. Шашин шүтлэгийн илрэл гэж үзэж л дээ. Ээ дээ, улаан намын үзэл суртал уу! Таван Хурмаст…Хөх тэнгэрийг тулж байдаг болохоор нь Хурмаст тэнгэрийн нэрийг өгсөн байж таарна. Уулаа тэнгэртэй зүйрлэдэг ард түмэн гэвэл монголчууд л байх. Энэ нь тэнгэр эцэг, этүгэн эх хоёрыг шүтэж ирсэнтэй нь холбоотой. Иймд Таван Хурмаст гэдэг нь Цаст цагаан уулын хамгийн эртний нэр болов уу. Харин Цаст цагаан уул гэдэг яруу найргийн нэр нь урианхан түмний цаст уулаа аль эртнээс л цээрлэж дээдэлсэн нэр байх. “Алтай Чингэл баатар” туульд:

Орчлон Замбутивд

Хүйс болон тогтсон

Орог шархал үүлэнд

Хаалт болон сүндэрлэсэн

Көх цэнхэр огторгуйд

Сүр хүчээн тогтоосон

Көрст алтан дэлхээд

Нарыг түрүүлж угтдаг

Алтайн арван гурван

Цастын цагаан уул нь…гэж гарч байгаагаар бодоход шүү.  Жамъянгарав нэрэнд ч цагаан гэсэн үг оржээ. Түвдээр “гарав” гэдэг нь цагаан гэсэн үг. “Жамъян” гэдэг нь Манзушри бурханы түвд нэр. Нийлэхээрээ Цагаан Манзушри болж байна. Зөөлөн эгшигт Манзушри гэнэ. Энэ нь оюун ухааныг тэтгэж, мунхагийн харанхуйг арилгагч бурхан даа. Чингэхлээр цагаан байхаас биш яах вэ! Чингэхлээр Цаст цагаан уул маань мунхагийг арилгаж, оюуныг тэтгэхийн бэлгэдэл ажээ. Цаст Цагаан уул хадган цэнхэр Алтайн зүрхэнд нь оршино. Тиймээс Жамъяангарав оргил нь зүрхэн галбиртай юм аа. “Жамъянгарав оргилд хүний мөр гарсан уу?” гэж Бүрнээ, Лхагвадорж хоёроос асуусан. “Үгүй ээ” гэж тэр хоёр хариулсан. Тэгэхлээр “мөгөөрст нимгэн хоолойтоны дуу нь ч хүрээгүй” байж таараа. Нээрээ, энэ оргилд цас тогтддоггүй шовх юм чинь хүн яаж ч тогтох юм билээ. Хэрвээ цас тогтлоо л бол энд цас зуд болдог, эмгэг өвчин дэлгэрдэг гэнэ. Урианхай түмэндээ гай барцдад учруулахгүй гэхдээ Цаст хайрхан оройнхоо цасыг дандаа шилгээчихдэг юм байна аа. Цаст цагаан уулын савдаг нь алтан шарга морьтой, арваннайман настай алиа хонгор бүсгүй. Ийм учир бүсгүй хүнд ээлтэй гэнэ. Цаст Цагаан Уул ийм нэг домог над шивнэлээ. Сийрүүлсү. Урианхайн бага ламын хонь хариулж байсан ядуу малчин охин Мааньтийн аманд Цаст цагаан уулын савдаг бүсгүйтэй цав хийтэл таарчихаж гэнэ. Савдаг хэлж дээ. Бага лам бол лам хүн учир үр хүүхэд байхгүй ээ, тэгэхлээр лам эд баялагаа чамд өгөх юм байна. Чи үүнийг харин хэнд ч хэлж болохгүй, амаа хамхиж яваарай гэж захьжээ. Гэтэл хөрөнгөтэй болох нь гэж баярласан охин тэр бүхнийг хэлэх гэж ам нь загтнаад болсонгүй, тэр тухай ам алдаж орхижээ. Чингээд тэрвээр ламын буян хишгийг ч хүртэж чадсан юмгүй, өөрөө нас барсан юм гэнэ. Энэ домгийг үнэндээ Баян-Өлгий аймгийн Булган сумын гөрөөч өтгөс Балдаа гуай над ярьж өгсөн юм аа. Нутгийн эмэгтэйчүүл “Цаст цагаан уул минь” гэж урин дуудаж цайныхаа дээжийг өргөдөг. Цаст цагаан уулын савдаг сайхан дээл өмсөж гоёсон хүүхнүүдийг харахдаа баясдаг тул бүсгүйчүүл уулруугаа өгсөж нүүхдээ ч, уруудаж буухдаа ч цайныхаа дээлийг өмсдөг заншилтай. Энэ савдагийн тухайтад

Алтайн үүрдийн ик эзэн

Алиа Хонгор ахлайчтай

Байдаг учиртай лоо гэж туульд бас гарна. Цаст цагаан уул эргэн тойрондоо зуун найман нууртай. Зуун найман нуурыг нь Цаст уулын таван оргил, Мөнх тэнгэрийн хөвөн үүл хоёр хээлдэг юм билээ. Орой нь далайн түвшнээс дээш 4362 метр өндөр өргөгджээ. Цас нь 160-170 метр зузаан гэнэ. Монгол, Солонгос, Япон, Хятадын эрдэм шинжилгээний хамтарсан ангийнхан ноднин “Барилгачин”-ы гэсэн орчин үеийн онцгүй нэртэй оргилын цасыг өрөмдөөд тэгэж тогтоосон юм байна. Бид уулсынхаа эртний сайхан нэрийг нь огоороод, элдэв янзын нэр шинээр өгөөд, мундарыг нь хутгаад хаячих юм даа. Таван хурмаст тавуул өөр өөрийн нэртэй л байх учиртай. Гэвч эдгээрийг мэддэг хүн нэгэнт үгүй болжээ. Ухаа нь, Химлайд авирч, Жонлума оргилд нь гарсан хүн бүр өөр өөрийн нэрийг өгөөд байх юм бол хачин юм болно биз дээ.

Би Цаст цагаан уулаа зүүгээр нь тойрон, зүүн хойт талд нь байх Долоон нуурын Шуурхайн хүн хөшөөг тэмцлээ. Нүд дүрлэгэр, хөмсөг өтгөн, соёо живэр урт нэгэн дайчин эрийг баруун гартаа цом барьсан, бүсэнд агссан чинжаалын бариул дээр зүүн гарын хурууг сарвайлган дарсан байдалтайгаар энэ хөшөөнд дүрсэлжээ. Ялдар дурдахад энэ Шуурхайн завсар нуруунаас 4000 орчим метрийн өндөрт сум олдсоныг Эрхэмбаяр уулчин хадгалж байна. Навчин зэвтэй, нарийхан иштэй тэр сумыг Эрдэнэбаатар археологич үзээд, “700-800 жилийн өмнөх эд байна” хэмээн хэлсэн гэж Эрхэмбаяр өгүүлсэн. Улаанбаатарт ирээд Эрдэнэбаатарруу утас цохиж лавлавал “Яах аргагүй арвангуравдугаар зууны үеийн навчин зэв, харин мөсийг нь бол шинэ хийсэн болов уу” гэж хариулсан. Тэргүүнээ гэдийн алсыг омог төгөлдөр ширтэх сахалт хүн чулууны тэндээс бид Долоон нуурын Улаан толгойн бичигт хадруу явлаа. Загалмай эгчимтэй эдгээр бичээсийг сийлэхдээ хадны толиог зориуд дөрвөлжлөн гөлгөр болгожээ. Харамсалтай нь, хадны өнгө хуурч үйрээд, бичээсний тал алга болсон байна. Хадны хуураад байгаа хуудсыг бэхлэж бөхжүүлэхгүй бол бичээс бүгдээрээ ч устах аюултай байна даа. Несториан шашинтай байсан найман нар үүнийг энд сийлсэн болов уу? Эсвэл хэрэйдүүд үү?..Батчулуун эрдэмтэн үүнийг Сири бичиг гэж тайлжээ. Газрын мухрын Сирүүдийн бичиг энд ирчисэн байх гэж? Хачин аа? Гэвч соёлд хил хязгаар гэж байдаггүй билээ. Шал худлаар өөрөө таамаглахыг зогсож, шинжлэх ухааны үүднээс тайлуулахаар бичиг үсгийн нэртэй судлаач доктор Ц.Шагдарсүрэн нөхөртөө зургийг нь барьсан. Тэр маань нэг жинтэй юм хэлэх байх аа…

Маргааш өглөө нь…

Маргааш өглөө нь бид Хөх голын хиргэсүүрээр дамжин Баянголын даваа даваад Бага ламын үүсгэсэн хиймэл Сэрүүн нуурруу орлоо. Хөх голын дугуй булшин дээр байх хадных шиг зураг бас л Монголд маш цөөн тохиолдох байх аа. Зурагтай жижгэвтэр хавтгай хад чулуун овоолгот булшны дугуй тэг дээр, булшны өмнө талд байх аж. Энд тэмээг нэлээд сунган цоолборлосон мөртлөө зэрлэг бодонг гэдсэн дор нь бөөрөнхийлөн дүрсэлжээ. Билүү мэт хөх толин хадан дээр сийлсэн энэ зураг маш тод бөгөөд уран. Дэлхий дээр хадан дээрх тэмээний зураг Африк, Ази тивээс л олдсон. Монголд 200 орчим мэдэгдээд байна. Египетийн хадны зургийг 3000 жилийн тэртээд зурсан гэж үздэг бол Монголоос олдсоныг нь 15-40 мянган жилийн настай гэж үздэг гэж С.Жамбалдорж маань бичжээ. Чингэхлээр энэ тэмээний зураг доор хаяж, 15 жилийн настай байх нь. Бодонг тэмээтэй хамт зурсан, чингэхдээ гэдсэн дор нь зурсан нь сонин юм. Хэрэв бухтай хамт дүрсэлсэн бол Буриадын Бух цагаан ноён, Бодон улаан хатны домогтой холбоод гүжирдэж орхихсон. Гэвч тэмээтэй хамт зурсан байдаг. Тэмээг галав эртний үед шүтэж байсан юм болов уу? Үүнийг мэргэд л тодруулах байх даа. Уг зургийн эргэн тойронд нь хэдэн янгир байна. Эрдэмтэд ийм бунханыг Хүрэл зэвсгийн хожуу үе, Төмөр зэвсгийн эхэн үерүү хамааруулдаг. Зургийн хад нь бунханы чулуутай адилгүй. Тэгэхлээр хадыг хаа нэгтээгээс авчирч сийлэн тахилын зүйл болгон тавьсан байж магадгүй. Үгүй бол зурагт чулууг сүүлд нь энэ булшин дээр авчирч залсан. Алийг нь гэдгийг “буудах” аргагүй. Эндээс Цаст Цагаан уулын орой нь цухуйн байна. Бид Цаст цагааныхаа чанх хойт талд гарчээ. Сэрүүн нуурын хойт хөндийд дөрвөлжин булш байх аж. Дөрвөлжин булшийг мэргэд Хүрлийн эхэн үеийнх гэж тодорхойлдог. Сэрүүн нуурын хөндийгөөр доошлотол буган чулуун хөшөө тааралдлаа. Мэргэд буган чулууг бугатай, цулгуй, өөр дүрслэлтэй гэж гурав хуваадаг бололтой юм билээ. Энэ бол өөр дүрслэлтэйд нь хамаарах аж. Учир нь хөшөөний хүзүүгээр жижиг жижиг хонхорхой гаргаад, доод талд нь чинжаал хутгийг сийлжээ. Сав саяхан сийлсэн юм шиг зураг тун цэвэрхэн. Яг ийм хөшөө Хар говьд бий, гэхдээ хутганы оронд саадагтай нум сийлсэн байдаг гэнэ. Тэр нэлээд хол учир очиж дөнгөсөнгүй минь харамсалтай. Ийнхүү Цаст цагаан уулын урианхай нар маань Чулуун зэвсэг, Хүрэл зэвсэг, Төмөр зэвсэг, Хүннү, Түрэг, Их Монгол Улсын үе лүгээ айл буучихсан аж төрж байдаг юм байна аа. Өөрөөр хэлбэл нэгэн цагт хэдэн зуун зэрэгцэн, айлсан оршиж байнам.

Чингээд  бид Шураг модны даваагаар давлаа. Даваа даваа…

Мөст л гэдгийн даваагаар

Морины сайнаар давна аа хөө

Мичин жилтэй Жаавайгаа

Гэргийгээ болгоод сууна даа хөө гэсэн нэгэн дууг бүүр арванхэдтэй байхдаа гармонь хөгжимд тоглож сурах гэж оролдож асансан. Гэтэл энэ дуу урианхай ардын дуу юмсанжээ.  Мөст, цастын даваа нь миний энэ давж яваа даваанууд ажээ. Тэртээ зүүн хязгаарт гармонь хөгжимд аяы нь хальтчуулж байсан энэ дууны зөргөөр даваа хөтлийг нь давна гэж даан ч зүүдлээгүй, үүнийг энэ нутгийн дуу гэдгийг ч огт мэдээгүйсээн. Замын хүзүү урт гэж юутай үнэн юм бэ, хүзүү урттай энэ зам л намайг энд хөтлөж ирлээв биш үү? Хоёр сумын ардууд Цаст цагаан уулынхаа хойгуур, зүүн хойгуур зусцгаагаад намар болоход эдгээр даваагаа даван хоёр тийш намаржааруугаа нүүдэг аж. Ижилдэж дассан амрагууд жилээр салаад л, танилцаж нөхөрлөсөн найз нар хотлоор холдоод л бие биеэ санахдаа өөрсдийгөө зааглаж тусгаарлаад байгаа цас мөс хаасан өндөр өндөр давааныхаа тухай дуу гаргадаг аж. Жишээлэхэд, “Алтайн даваа”, “Долоон уулын даваа”, “Алтай зайрын шил”, “Алаг Алтайн шил”…гээд л.

Уулаар яаж давна, маанам

Уулзаад яаж сална, маанам

Хадаар яаж давна, маанам

Харгалдаад яаж сална, маанам

Салъя гээд салсангүй, маанам

Салангид нутгийн эрхээр саллаа

Холдъё гээд холдсонгүй, маанам

Хоёр нутгийн эрхээр саллаа… гэсэн “Хоёр нутгийн эрх” дууг Сэнхэрийн голын Шархаргай гэдэг урианхай залуу Дэлүүн сумын Дэлүүн голын бүсгүйд дурлаад нэгэн намрын нүүдлийн үеэр зохиосон гэнэ.  Бид орой нь Бага Ширэгт байгаа Булган сумын Сөнхөл багийн С.Балдаа настныд очсон юм. 83 хүрсэн гэхэд тэрвээр ан гөрөөгөөр амь зууж, хээрээр гэр, хэцээр дэр хийн унаатай явган их тэнэсэн учир ихээ тэнхэлүүн. 70 кг-ын гурил толгой дээрээ нэг, хоёр мөрөн дээрээ нэг нэгийг тавиад тодорхой газар хүргэж өгөөд 1кг 24-ын чихэр мөрийнд нь авч явсан өвгөнөөр оройжин ан гөрөө хийж явсныг нь яриулсан. Гэвч өвгөн урианхай аялгуугаар дуржигнуулах учир миний чихнээ ойлгогдох гурав дөрвөн үг л орж ирнэ. Лхагвадорж маань л над “хэлмэрчлэв”. Хус нь зандан модны дүү болох тухай, тарвагны зад гээчийн тухай, эрүүгээ ороосон эвэртэй тэх намнаад өөд болсон анчны тухай гээд сонин сониныг хуучилсан даа. Эрүүгээ ороосон эвэрийг урианхайчууд голгой эвэр гэдэг аж. Голгой гэдэг нь олгой гэсэн үг юм байна. Тийм нэг голгой эвэртэй тэхийг тэр анчин цахиур буугаар буудаад, өөрөө ухаа алдаж, буу нь хол үсрээд явчихаж. Тэх үхээд, анчин ч арайхийж гэрийн бараа хараад, нас баржээ. Балдаа гуайн өгүүлсэн нь, содон амьтныг алах гэж зориуд санаатай албал муу. Андуураад алчихсан бол шатаагаад хангайд өргөчихнө. Тэгвэл муу болохгүй гэсэн…Хус модыг зандангийн дүү гэснээс “Хус шүтвэл хувь бүтэн явдаг” нэгэн цэцэн үг сэтгэлд сэрхийж, улмаар буриадууд бөө

Хун шувуун гарвальтай

Хус модон шүтлэгтэй гэж дууддаг нь санааны мухраас годхийн гарч ирэхүй, монголчууд хусаар сүлд тугны иш, овооны чайг(сорогшин) хийж, тэнгэрийн мод хэмээн шүтэж байсан нь тэрхүү шүтлэгийн гэрч нь юм даа, “оросын цагаан хус” гэж оросууд өмчлөөд ч байх ёсгүй юм даа гэж омогшил төрж байх. Энэ тухайтад манай нэртэй сэтгүүлч, ардын билиг судлаач Г.Гонгоржав “Сансрын эрчим хүчийг ихээр хуримтлуулдаг гэгддэг энэ модыг монголчууд, ялангуяа буриад түмэн тэнгэр заяат мод хэмээн сүслэж, орон гэрийнхээ тооно, хүлэг мориныхоо уяаг хийж, бөө удгад онгод дуудах, харьцахдаа дамнуур болгож, чанар шатрын зан үйлдээ дэрвэлэг болгон хатгаж иржээ” гэж бичсэн нь бий.               

Маргааш өглөө нь…

Маргааш өглөө нь босон харвал Цаст цагаан уул зүүн хойно маань дүнхийж байна. Цаст цагаан уулаа би бараг бүтэн тойрчээ. Энэ Сөнхөлийн Бага ширэгт, Булган голын дагуу жил болгон дөчөөд нугас өвөлждөг гэнэ. Хүмүүс нь хоорондоо явалцаж чадахгүй болтлоо цас мөсөнд хоригддог энэ ууланд халуун орны шувуу өвөлжинө гэдэг! Цаст Цагаан Уул хүн мал, араатан жигүүртний алинд ч хүйтнийхийг нь хүйтнийх гэхгүй, халууныхыг нь халууных гэхгүй ээлтэй нутаг юм даа. Бид Баян Өлгийн Булган сумын төвийг зорилоо. Энд бид “Булган нутгийн буянтай буурал” номын зохиогч Б.Баатартай уулзсан юм. Урианхайн 13 овооны тухай асуусан юм. Ноён нь нэг хэрэг үйлдсэн албатдаа итгэл хүлээлгэж, Алтай дамнасан 13 овоо босгоод хэргээ шийдүүл гэж гэнэ. Тэрвээр 13 овоо босгоод сүүлийнхээ овоог унаж явсан мориороо тахьсан гэнэ. Энэ домгийг над хүүрнээд Хаан овоо нь Үенчид, Хатан овоо нь Булганы Алаг шаазгайтад, Харуул овоо нь Булганд, Хэргийн овоо Дэлт ууланд, Гал овоо нь Мөнх хайрханы Сэрүүнд, Нар мандахын овоо, Сүйх овоо гэхчлэн тоолсон. Гэвч 13 хүргэж арай л барсангүй. Монголчууд 13-ын тоог дээдлэж, 13 овоог босгодог. Ордост ордосчуудын 13 овоо, Хөвсгөлд Дархадын 13 овоо, Дорнод, Сүхбаатарт Хатагины 13 овоо гэх мэт. Урианхайн Дэлт уулын овоог Хэргийн овоо гэдэг. Дэлт уул нь 8 морины дэл хийсч байгаа дүрстэй тул Дэл уул гэж нэршжээ. Урианхайн Баруун Зүүн амбаныхан хоёр талаас ирж хэрэг нийлээд, найр наадам хийдэг учир Хэргийн овоо гэдэг болсон гэнэ. Манай “Цаст ууланд хүний бүхий л эрхтнээр нэрлэгдсэн газар байдаг, жишээлбэл “Бөөргийн(Бөөр) нуур, Дэлүүн(дэлүү), Хамар даваа, Баруун гарлагийн Хулхи…гээд л гэж Баатар бахархсан.  Урианхайнхаа үүх түүх судалдаг Б.Баатар урианхайнхаа унаган нутгийг өндгөө дарсан шувуу шиг хармалдаг нэгэн. Гэвч хичнээн элгэн дороо даравч алдаад байхын учир бас байдаг нь гачлантай. “Хасаг, урианхайн аймгийг байгуулж, хасгийн асуудлыг илүү анхаараад, уугуулын эрх ашиг хумигдсан, урианхай хүүхдүүд эх хэлээрээ сурах боломжгүй болсон тул урагшаагаа(биднийхээр бол зүүнчээгээ) нүүсэн” гэж нэг айхтар үг хэлсэн. “Хасгууд Хасагстан буцах болсноор байгалийг хайрлахаа байсан” гэж тэрвээр бас нэг хэцүү үг өгүүлсэн. Баатар энэ бүхнээ шүүрс алдан ярьсан даа. Тэгээд Мөнххайрханы эргэн тойронд аж төрөн суугаа уугуул нар Мөнххайрханы байгалийн цогцолбор газар байгуулах санал дээш тавьж, энэ сайхан санаа бүтснээр одоо унаган байгаль сэргэж, түүх соёлын дурсгал сайн хамгаалагдаж байгааг Баатар баясан өгүүлсэн. Мөнххайрхан сумын дарга Жимсээ ч “Бургас нь алга болчихсон газар ч эргээд бургастай болж байна” гэж хэлж байсан. Ер Цаст уулын орчмын хад чулуу нь тэр аяараа байгалийн урлал юм. Хөх нуурын сарлагийн бух, эмгэнт хад, давхарласан яст мэлхий…Эрт урьд цагт энд их далай байжээ. Далай ширгэхэд ёроолд нь байсан хоёр мэлхий ил гарахдаа давхарлаад чулуу болон хувирсан гэнэ…

Монгол Улсын Их Хурлын 2006 оны 26-р тогтоолоор Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Булган сумдын заагт орших Мөнххайрхан уулыг улсын тусгай хамгаалалтад Байгалийн цогцолборт газрын ангилалаар авчээ. Мөн 2011 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 18-р тогтоолын дагуу Ховд айгийн Булган сумын Булган гол, Их онгог орчмын зарим газар нутаг, мөн Ховд аймгийн Үенч сумын нутгийн зарим хэсгийг тусгай хамгаалалтад авсан. Мөнххайрханы Байгалийн Цогцолбор газрын нутаг дэвсгэрийг ингэж өргөтгөснөөр нийт талбай 582446 га болжээ. Даргаар нь Тавьтайн Лхагвасүрэн гэдэг шударга бөгөөд шижигнэсэн залуу ажиллаж байна. Лхагвасүрэн энд байгаа түүхэн дурсгалт зүйлүүдийг ширхэг дараалан мэддэг, араатан жигүүртнийг нь төрөл дараалан тоолдог, уул давааныхаа атираа нугачаа, ус голынхоо булан тохойг тоо дараалан цээжилдэг, урианхай түмнийхээ улируулан авч ирсэн зан заншилыг ульбируулан үлдээх гэж үнэн зүрхнээсээ зорьдог нь

Орон Замбутивд

Суварга болон ургасан уулын(“Алтай Чингэл баатар”) цээжийг тойрсон энэ аялалаас харагдсан даа.

2. Зэлэм, Сүвээдэйн удамыханы

“цээжрүү аяласан” тэмдэглэл

                        Хулан гөрөөсийг идэж

                        Хулгар тарвагаар зулам хийж

                        Хулгайч дээрмийн даруул болсон

                        Худгийн усан гаргагч

                        Урианхай түмэн.

                                    Даян хааны харъяат зургаан түмэн

монголын магтаалаас

Маргааш өглөө нь, үгүй ээ аялалын бүх өдөрт…

            Намайг нисэх гэж байхад Цагаан маань “Урианхай түмнээ бодоорой” гэж захисан. Энэ нь урианханы талаар сурвалжилж бичээрэй гэсэн үг гэж би ойлгосон. Урианхан түмэн үнэхээр цадиг түүх арвинтай. Гэвч надаас аль өмнө дотноос Жасрангийн Цэвээнээс эхлүүлээд Цорос Катуугаар дараалуулаад, гаднаас Г.Потанинаас өгсүүлээд Грумм Гржимайлогоор улбируулаад зөндөөн мэргэд судалсан тул над юу л үлдээж дээ гэж бодож байсаан. Гэвч их савны ёроолд юм заавал байдаг ажаам. Ер ардын билиг ухаан дундардаггүйтай ч холбоотой юм уу. Энэ аялалын хэдхэн өдөрт яруу найрагч Бүрнээгийн таалгасан хөгжилтэй урианхай оньсого, Лхагвадоржийн хэлж өгсөн сонин ёс заншил гээд морин дэл дээр биш ч “машин дэл дээр” яваа миний хувьд чамлахааргүй хөөрхөнийг сонсов. Чамлахаар чанга атга гэдэг билээ л. Бидний хоёрдох өдөр дөнгөж гараад замаа хөөж эхлэтэл хоёр залуу мотоциклээ эвдчихээд засч суусан. Гэтэл Бүрнээ маань хажуугаар нь өнгөрөхдөө:

Жийсэн хөлөө таталгүй

            Нийсэн нусаа булалгүй үзэж байна даа гэж инээд хүргэдэг юм байна. Түүнийг өөрөө зохиогоод шүлэглэчихлээ гэж бодсон минь, үгүй ажээ. Тийм бэлэн хэллэг байдаг юм байна. Тийм ээ, уриахайчуул бэлэн цэцэн үгтэй, үг эрж өврөө суйлдаггүй түмэн юм. Нэгнээ шогтойхон даваадуулах нь энүүхэнд гэнэ. Урианхай хошуу Ах, Оорцог, Цэрвээ, Мянгад гэсэн дөрвөн сумтай байж. Тэгээд бие биедээ хош гаргажээ.

Ар ар гэсэн нь Ах

            Аарцаа булаалддаг Ах гэхэд нөгөө нь

Ор ор гэсэн нь Оорцог

            Орой нь цоорхой Оорцог гэж цагаан алчуур толгойдоо зангидахдаа оройгоо ил гаргадийг нь дайруулан шоолж байхад гуравдахь

Цэр цэр гэсэн нь Цэрвээ

            Цэрэндээ хахдаг Цэрвээ гэж эргүүлэн хэлэх жишээтэй. “Цээжиндээ мэнгэртэй Цэрвээ” гэсэн ч хувилбар бий гэнэ.

Замд “морь харах” нэг ажил гарлаа. Тэгээд машиндаа орж иртэл Бүрнээ

Тасхийж тахим авна

            Тавьж ирээд хамар авна, тэр юу вэ? гээд л хөхөрч байна. Гэтэл тэр нь “суулгах” юм байна л даа. Гэдэс нь мушгиж сандарсан хүн тахимруугаа харавчихаад хүрч ирэхэд тэр нь ханх тавина биз дээ. Үүнээс уламлаад хөгжилтэй оньсого нэгийг бас таалгалаа.

Уулын ард урт хар хүн унжууч

            Алаг морьт ах та яавч босогтүн, бостон гээд татна л, тэр юу вэ? Энэ нь юу гэсэн оньсого вэ гэвэл довны ард нэг нөхөр баачихаж, тэрнийг нь алаг шаазгай ирээд тоншиж байгаа дүрслэл юм байна л даа. Магадгүй, паах пөөх, ямар заваан бүдүүн юм гэж маяглах хүн ч гарч мэднэ. Харин ч маш соёлтой боловсон хэлж байна биш үү. Би л жаахан бүдүүндүү шулуухан хэлчихэв. Гэвч бид хэлэндээ байгаа үгнээс алийн болгон цэрвэж цээрлэх вэ дээ. Цээрлэх гэснээс үүнийг бас цээрлэх ёстой холбоотой гэж ч болох. Юмыг цээрлэж нэрлэдэг, номын хэлээр бол илт өгүүлэхүй нэр буюу ёгтоор нэрлэдэг нь урианхай нарын нэг онцлог гэлтэй юм. Ёгт үгээр хэлэлцээд бие биеэ ойлгочихно. Ухаа нь, суумал харын ард шургацын чилгэрт цондолын идээн байгаа, авч шамшигтан, ах гэхэд ах нь архад(хөхүүр)-ын ард орос тавганд тарвагны мах байгаа, авч идээрэй гэж байна хэмээн гүүрэх жишээтэй. Нэг бүсгүй айлд бэр болж очиж. Гэтэл тэр гурван жил дуугарсангүй гэнэ. Хадмууд нь түүнийг хэлгүй, дүлий юм байна гээд төрхөмд нь буцаая гэж байтал бүсгүй нэг өглөө гэрээс гараад орж ирснээ “Урсгалын захад, ургамалын унгид майламбаан ах дардамбааг уйламбаа шамшчихаж” гэж хэлжээ. Жирийн хэлэх гэтэл хадам ахынхаа нэрийг хэлчих гээд байсан тул чингэж цээрлэн шүлэглэсэн гэнэ. Урсгал гэдэг нь гол, унги гэдэг нь ёроол, майламбаа гэдэг нь хонь, дардамбаа гэдэг нь хуц, уйламбаа гэдэг нь чоно аж. Үүнийг урьд нь зохиолч Б.Бааст гуай над нэг хэлж өгч байсныг “Тэнгэрийн нохой”-д оруулсан, харин домгийг нь над хэлээгүй билээ. Бааст гуай ч Баян-Өлгийн Алтан цөгцийн урианхай хүн л дээ.

Ер ардын аман зохиолоор тэр ард түмний ухаан билиг, ааль араншин, үүх түүх, зан заншил, уран сэтгэцийн хирцийг мэдчихэж болдог талтай. Ардын билиг зүй гэдэг ийм л гайхамшигтай. Дээр бүх дурдснаас молхи би урианхай нар бол хошигнож шоглохдоо гаргуун юм даа гэж сэтгэлд буусан. Би алдаагүй байх аа. Үнэндээ би ч хэлээд байгаа юм биш, аман зохиол өөрөө хэлээд байгаа юм чинь!  Бид нэгийгээ “давсанд явах” болоход “Сайхан нойрсоорой” гэж албархуу юм хэлдэг дээ. Энэ нь “Спокойной ночи!” гэж оросуудын хэлдгийг орлуулсан ухаантай юм уу даа. Монголууд хэзээ байтлаа нэг их ёсорхож барьж байсан юм, бүдүүн тоймын улс гэх хүн ч байдаг. Гэтэл монголчууд энэ тухайтад сайхан ерөөл хэлдэг байсан байна аа. Энэ нь урианхай нарт л үлдсэн байна даа. Толилуулсу. “Хөх бух унаж, хөлгүй ус гаталж зүүдлээрэй” гэнэ. Товчоор бол “үхэр унаж ус гаталж зүүдлээрэй” гэнэ. Үүнийгээ зүүдний тайллын хаан гэж нэрлэнэ. Гоё байгаа биз? Халхчуулын хувьд ус зүүдэлбэл сайн гэсэн бүдэг бадаг юм л үлдсэн байна.

Баруун Алтай нутагтай

Барын арьсан хэвнэгтэй

Барлаг боол зарцтай

Бадам цэцэг малгайтай урианхай гэж дуулдаг нь урианхай нар дээр үед Алтайнхаа цагбарын арьсаар хэвнэг хийн гангарч, бадам цэцгийн хэлбэрт малгай өмсөн гоёж явсан байж болох юм. Лхагвадоржийн хэлснээр бол урианхан овогтныг таних дор хаяхад 5 зүйл буй аж. 1/. Есөн эрдэнэ шигтэгсэн жинсэн толгойтой кокур(хөөрөг) барьж байвал тэр урианхай хүн. 2/. Үүднийхээ өмнө сангийн гурван чулуу өрсөн байвал тэр урианхай айл. 3/. Оноотой, далгүй, халбантай(сугаараа халхгар) дээл өмссөн байвал тэр урианхай хүн. 4/. Мааги гутал жийсэн байвал тэр урианхай хүн. 5/. Гадаа нь нуман тамгатай адуу байвал тэр урианхай айл. Айлаар буухад үнэхээр үүдэн тушаа нь сангийн гурван чулуу байгаад байсан. Сан тавихдаа арцаа нунтаглахгүй, түүж авсан тэр хэвээр нь унгатгана. “Арвангурван зүгтээ сантай” дууг гэрт дуулахад тулганыхаа хойно гурван чулууг давхарлаж өрөөд дээр нь заавал сан тавьдаг байна. Улсын анчин, улсын хоёр удаагийн аварга  М.Бямба агсаныд буухад над гэрийн эзэгтэй яг ингэж сан тавьж байгаад уг дууг дуулж өгсөн.

Цаст цагаан уул

Дөрвөн зүгтээ сантай

Дөрвөлжин их Алтай

Дөрвөн түмээрээ суухад

Жаргал ихтэй Алтай

Гурван зүгтээ сантай

Гурвалжин их Алтай

Гурван түмээрээ суухад

Жаргал ихтэй Алтай… Ер нь найрыг голдуу энэ дуугаар эхлүүлнэ. Алтайн арван гурван сан тавина гэдэг уриахан түмний хувьд нандин ёс. “Цагаан сарын шинийн нэгэнд “Баян”(зарим нь “балин” гэнэ) тахих ёс ийм” хэмээн Лхагвадоржийн өгүүлсэн нь: “Нар уулын толгойд тусахад Баян дээрээ очдог юм. Учир нь Алтайн эзэн нар тусахад сэрдэг гэж үздэг. Баян гэж голын том овоо. Овооны тойронд дөрвөн зүгт сацарсан гурав гурван чулуу давхарласан арванхоёр сангийн овоо байна. Баян нь нар ургах зүгт байна. Баянгийнхаа өвөрт ууц идээ тавьдаг чулуун тавцан засна. Баянгийн зүүн буюу баруун урд нь олон салаа мөчиртэй бургас босгоно. Тэгээд долоон өнгөөс дээш олон өнгийн даавуу, тэр жил хичнээн дээл хийсэн бол төдий чинээ гадрынх нь өөдсийг авчирч тэр бургасанд уяна. Түүнийг залам гэнэ. Хормой аргалтай очино. Баян дээрээ аргалаа шатаан цог гаргаж, сангийнхаа чулуун дээр цогийг тавьж сангаа умалгана(уугиулна). Тэгээд тэр цогон дээрээ хормойтой өвчүү, дөрвөн өндрөө шатаана. Тэгэхдээ өвчүүтэй хамт тарианы гурил, том, аарц, бусад идээг тавьж залмаар ороож шатаагаад, бүгд баянруугаа харан мөргөөд овоогоо гурав тойрно. Тэгээд цагаалга тэндээ эхлэнэ. Хамгийн ахмад өндөр настан идээнийхээ хажууд сууна. Хүмүүс насны эрэмбээр золгоно. Золгоход заавал хоёр хацрыг нь үнсэнэ. Золгосон хүмүүс эрэмбээр очиж суугаад хөөргөөр тамхилна.

Аав ээжтэйгээ

Ах дүүтэйгээ

Шар боргүй

Хууч хуянгүй

Сар шинэдээн

Сайхан шинэлэв үү?

Өвөл өнтэй орж

Сүрэг тарган

Сайхан хаваржиж байна уу гэж ёсчилно. Тэгээд сүү цайныхаа дээжийг Баяндаа дусаагаад Алтайдаа дөрвөн зүг найман зовхист өргөнө. Хүн бүр авчирсан идээнээсээ амсана. Энэ ёслолд айлын эхнэр очихгүй. Нөхөрт гараагүй бүсгүй бол очино. Тэрвээр залам зүүхийг л ганц цээрлэнэ. Арван айл байвал арван идээгээ хольж сэлбэнэ. Арвангурван сангаа бөхөөхгүйн тулд арцаа нэмсээр байна. Арц нь заавал хонин арц байна. Урьд бэлтгэсэн цацлагын идээнээс цацаж хурайлна. Хурайлж 3 удаа овоогоо эргэнэ. Эцсийн тойролт дээр бүгд насны эрэмбээр зэрэгцээд овооруугаа хараад зогсоно. Идээгээ алган дээрээ аваад гурван удаа хурайлна. Гэррүүгээ явахдаа замын дунд очоод идээгээр бас гурав хурайлна. Цаашаа явж гэрийнхээ үүдэнд ирээд, дахин гурав хурайлна. Гэрт идээгээ авч ороод, бурхандаа, галдаа өргөж, бас даллагныхаа уутанд хийнэ. Тэгсэний дараа сая ширээн дээр байрлуулна. Гэрт хүмүүстэйгээ золгоно. Эхнэр нь нар ургах зүгт гурван чулуу давхарлаж тавиад арц уугиулаад гурав мөргөсөн байна. Нар уулын толгойд тусахад Баян дээрээ очоод ёслолоо үйлдээд гэртээ ирж байгаагийн бэлгэдэл нь чухамхүү нараа аваад гэртээ орж байгаа хэрэг ажээ. Үүрийн харанхуй, ер харай бүрийгээр Алтайд сан тавьдаггүй, сүү өргөдөггүй” гэсэн юм. Мөн Алтайдаа хар идээ(архи) өргөдөггүй. Харин гол усны эхэд овоо босгоод, шагайгаар алаг мэлхий өрөөд, архи өргөдөг байна.  Тэгээд бид нэгэн айлын Баян дээгүүр орж, овооных нь байдлыг үзсэн дээ. Урианхай нар баян тахих энэ заншлаа одоо болтол хадгалсаар байгаа нь маш сайхан юм аа. Тийм ээ, халхчуул бидний авч хэрэглүүштэй сайхан сайхан ёс урианхай нарт байна шүү. Жишээлэхэд, айлын шимийн архийг ууж дуусчихаад сайхан ерөөл хэлдэг, хэлэхийн урьд данхны тагийг авч, цоргон дээр нь цагаан идээ тавьдаг байна. Цагаан архинд бол сүжиггүй, шимийн юманд бол нугасгүй Бүрнээ найрагч маань нэг данх архийг хоослоод(мэдээж ганцаараа бус) уншсан нь:

Зэ, энэ айлын

Сархад нь саатаагүй,

Савын эзэн баян болтугай.

Сааршгүй сантай байж

Бууршгүй буянтай байж

Өвөл зунгүй өгнөж,

Өдөр сөөгүй сөгнөж байхын

Өлзийтэй сайхан ерөөлийг 

Өөд өөд нь өргөн дэвшүүлъе! гэсэн. Айлын эзэн ерөөлийг хүлээн авбал “Ерөөл бат орших болтугай!” гэж хэлдэг. Энэ нөхөр бас жааханыг горьдоод байна даа гэж үзвэл данхаа бариад цааш эргэдэг байна. Өнөөгийн хэлээр хэлбэл “боловсон” байна шүү. Хүний юмыг хоослочихоод хий гараад явчихгүй, үгүй бол нэхээд суугаад байхгүй. Айл архи өгөхөд заавал малгайтай гардаж авдаг байна. Айлыг нь ч, архийг нь ч хүндэтгэж байгаа нь тэр. Айлын найр хуриман дээр архи уугаад агсан тавих гээд байгаа залууд “Биж булгийн шуурай”-г дуулж өгдөг гэнэ. Бүрнээ маань яггүй хоолойтой, шаггүй дуучин. Дуулсан нь:

Биж булгийн шуурай нь

Бидэйхэн болоод хээнгүй

Биерэхээд юундаа хэлнэ ээ ч

Би чинь бас залуув

Торц хадаан цуурай нь

Тоорцогтойхон намайг дагжуулна

Тосон хэлээд яанаа ч

Би чинь бас залуув.

 Хар хадаан салхи нь

Халбантайхан намайг дагжуулна

Халдан хэлээд яанаа ч

Би чинь бас залуув.

Үзүүртэй хадаан салхи нь

Үчэтэй намайг дагжуулна

Үзэн хэлээд яанаа ч

Би чинь бас залуув.

Ланз хадаан салхи нь

Лавшигтайхан намайг дагжуулна

Лавлан хэлээд яанаа ч

Би чинь бас залуув.

Үүнийг дуулахад агсан тавьж байсан ямар ч залуу нам болдог гэнэ. Агсан тавьж байгаа нь ч гэсэн энэ дууг сонсохдоо агсан тавихаа больдог нь хүмүүжилтэйн л шинж. Дуулж байгаа нь хүнээ номхоруулж авч чадна гэж итгэлтэйхэн буйн шинж. Тийм ээ, үр хүүхдээ дуугаар хүмүүжүүлдэг ард түмэн энэ орчлонд хэд байдаг бол?! Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, монгол хэл минь гэж дуу алдах дуртай миний хувьд урианхай нарын хоорондоо хэлцэж байгаа үг хийгээд дуу, домог туулинд гарч байгаа үгсийг сонсохдоо манай монгол хэл юутай баян бэ гэж уулга алдмаар болж байсан. Эдгээрийг бага ястны үг гэж хэлэх солиот гарч магадгүй л дээ. Тийм юм дуулддаг л байсан. Тэгвэл Монголд ястан гэж байхгүй юм аа. Бид бүгд овогтон юм. Урианхай овогтон, дүрвэд овогтон, хатагин овогтон гээд л…”Нууц товчоон”-д маань энэ тухайтад даан ч тодорхой өгүүлсэн байгаа даа. Ястан гэдэг бол марксистууд гэгч нараас бага ястан, их ястан гэж хуваагаад эдгээрийг хооронд сөргөлдүүлж дайсагнуулах гэж зохиосон нэр томъёо юм. “Нууц товчоон”-доо сайхан заагаад өгчихсөн тэрхүү “овогтон” нэр томъёог бид хэрэглэх цаг нэгэнт болжээ. Чингэхлээр Урианхайн аялгуу бол монгол хэлний нэг аялгуу. Ер нь олон овогтны аялгуунаа халх гэгдээд байгаа бидний аялгуунд байхгүй болсон, өөрөөр хэлбэл бидний мартаж хэрэглэхээ больсон тийм үг олон бий. Ухаа нь, би ноднин Алагшаа нутгийн үлгэрээс “хар хул” гэсэн нэг үг олсон. Духандаа ганц нүдтэй мангасыг оросоор “циклоп”, англиар “Cyclops” гэж хэлдгийг бид орчуулж чадахгүй зүдэрдэгсэн. Гэтэл “хар хул” гэдэг үг бэлхнээ байж л байсан юм билээ. “Зуун түмэн үгтэй хэлэнд минь зуд туссан нь харамсалтай” гэж Ренчин багштан харуусч байсан. Одоо бүр “зуд”-аар тогтохгүй юм болж байна. Иймд олон овогтныхоо аялгууны үгсээр хэлээ баяжуулах нь зүйтэй юм даа. Тэгээд Бүрнээдээ урианхай аялгууны толь найруулаач гэж дурдатгасан. Бүрнээ маань зохиож, Лхагвадорж маань ариутгахаар болсон. Тэр хоёр нэг үг хэлээд тэр үгийнхээ утгын талаар зад маргалдана, ёстой л үзэж тарж, үсэрч наалдана. Тэгэхээр маргаан дундаас үнэн тодрох нь мэдээж. Ухаа нь, дээр сийрүүлсэн дуунд гэхэд л “шуурай”(ийм нэртэй өндөр өвс), хээнгүү(сортой), торц(ирмэг), үчэ(үс), лавшиг(тэрлэг) гэх мэт. “Хамбуур” гэдэг үгийг тайлбарлуулаад их л баяслаа, би. Энэ нь эрднийн шигтгээ суулган сур сүлжиж хийсэн толгойн боолт юм байна. Би ирээд нэлээд толь шүүрдлээ, энэ үг байсангүй. Чингэхлээр энэ үг урианхай аялгуунд л үлдсэн байна.

Урианхай нарт сонирхолтой нэг уламжлал байсан нь, гэрлэх ёсыг хатгуурт гүйцэтгэсний дараа гэр бүл бологсдод монгол гэрийг нь барьж өгдөг байсан байна. Хатгуурыг гэрийн цээж гэж хүндэлдэг байсан аж. Ер монголчуудын нийтийн хэрэглэдэг ёс байсан байж ч мэднэ.

Урианхай нар уулаас анчин гөрөөчнөөрөө алдартай юм. Тухайлахад, Батмөнх даян хааны харъяат зургаан түмний магтаалд урианхай нарыг “Хулан гөрөөсийг идэж, хулгар тарвагаар зулам хийж…” гэснээс л тодорхой. Манай Бүрнээ тарвагны маханд үйлэргүй дуртай, замын хажууд давхиж явахад нь шууд “идэж” орхино. Бид цагаан тарвагатай тааралдсанд их л олзуурхаж молхи би зургийг нь авах гэсэн боловч будилсаар байгаад оруулчихсан. “Цагаан тарвагийг танайхан агнадаг уу” гэж намайг асуухад Лхагвадорж “Ирж байгаа цагийн(хаврын) тарвагийг бол агнадаг, буцаж байгаа цагийн(намрын) тарвагийг бол алдаггүй. Цагаан тарваганы арьсыг буян хураадаг гэж үздэг, арьсыг нь тулам өвчөөд даллаганы уут хийдэг” гэж хариулсан. Балдаа гуай “Тарваганы зад” гэж нэг сонин зүйлийн тухай ярьсан. Захар гэж хүн 1949 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Түвшин нуурын ойролцоох Тошин гэдэг газраас нэг шар хацар алж, гэдсийг авбал хуруун чинээ олгойтой цус шиг хүрэн юм гарчээ. Түүнийг дөнгөж автал зүүн зүгээс атгын чинээ цагаан үүл гарч аадар цутгажээ. Мань эр үүнийг энэ удаад анзаарсангүй. Нөгөө юмаа маргааш нь сайн үзэх гээд гаргатал дахиад л цагаан үүл гарч, бороо асгарсан. Тэгээд түүнийг тарвагны зад гэж мэдсэн” гэсэн юм. Цаст цагаан ууланд ичээний эзэн хар зулай гэдэг тарвага, шав шар өөхтэй морин тарвага, чөдөр алаг(шийр алаг) тарвага байдаг гэнэ. Урианхай гөрөөчид ангаас гаднаа ирээд:

Гар минь чилэв

            Ганзага минь чийлрэв(чивчрэв) гэж хэлдэг. Энэ нь ганзаганд байгаа анг маань буулгаж ав гэсэн үг ажээ. Айлын авгай тэгэхэд ангийн махаа чанахаар тогоондоо ус хийдэг байна…Урианхай нар анд гарахдаа ганзгаа ариулж:

Ариун сэтгэлээс Алтайгаа тахинам

            Арван хэлхээ шорлогод учруулж хайрла

            Ганзагны маань сан, хурай, хурай!

            Үнэн сэтгэлээсээ Алтайгаа тахинам

            Уяа хэлхээ шорлогод минь учруулж хайрла

            Ганзаганы минь сан, хурай хурай! гэж ганзагныхаа санг уншина(Ц.Бөхөө. “Түүх бүтээлцсэн ард түмэн минь”). “Монголын нууц товчоон”-д “…Добун мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарав. Ой дотор Урианхадай хүмүүн чөх буга алж, хавиргас ину шарж бүхүйг золгож, Добун мэргэн өгүүлрүүн: “Нөхөр шорлогод!” хэмээжүхүй” гэсний “нөхөр шорлогд” гэдэг үг эл сан дотор цохиж явааг бэлхнээ үзэж болно. “МНТ”-д ангийн хувь хишиг гэдэг утгаар гардаг энэ үг яг уг утгаараа урианхай нарт одоо хэрэглэгдэж байна. Мөн “хоо”(хоо марал) гэдэг үг байна. Урианхай аялгуунд энэ “хоо” гэдэг үг “ухаа” гэдэг утгыг заан байж байх жишээтэй. Иймд урианхай, дүрвэд аялгууг нарийн судалваас “МНТ”-ны мөн ч олон үгийн утгыг тайлж болмоор юм байна шүү. Цаашилбал, хар мөрт ан(ирвэс) агнасан бол өөхнөөс нь шаваг шарилж дээр тавьж шатаагаад амсдаг гэнэ. Монголчуудын ан гөрөө хийх бичигдээгүй хуулиа гэж! Содон анг сүйтгэвэл байгаль ороо авдаг тухай Балдаа гуайн ярьсныг түрүүнд сийрүүлсэн. Одоо нэг ярьсныг нь өгүүлсү. Нэг анчин гурван эвэртэй тэх алжээ. Гэтэл ганц хүү нь шоронд орж, нас бараад, анчинд дахиж үр заяагаагүй аж. Нутгийн номтой С.Жамиадаг тэх алсан газраа аваачиж, түүгээр ном уншуулж аргалуулаад ч нэмэр болоогүй гэсэн. Эрхэмбаяр уулчны хуучилсан нь, урианхай анчид агираа гэж авиаг гөрөө хийхдээ гаргадаг. Тийнхүү агирахад гөрөөс зогтусан зогсдог. Энэ хооронд цахиур буугаар хоёр гурав буудаж амждаг байсан гэнэ. Тэгээд Сариг гэж нэгэн сонин хүний тухай өгүүлсэн. Цагаан Сайд Саригийн түлхэц нэртэй газар бий гэнэ. Тэрвээр түүн дээрээс аргал янгир нисгэж алдаг байсан байна. Тэрвээр гутлынхаа улсыг шүлсдэж чийглээд хад чулуун дээгүүр торохгүй явдаг өвгөн байсан гэнэ. Сариг Индэртээс 12 аргал явгаар хөөж, Ламын сайн эхэнд аваачжээ. Тэгээд “Арван хоёр аргал хөөгөөд ирлээ. Өнөө шөнө цусаар шээгээд хонох байх аа. Тэгээд бас хээл хаяулдаг агираагаар агирсан, хээл хаях байх аа” гэж хэнэггүй ярьж байжээ. Хэрэг болгож очиж үзвэл аргалын арав нь хээл хаясан байж. Эрхэмбаяр түүнийг “бузар хүн” гэж нэрлэсэн. Амьтныг хүйгээр нь хөнөөнө гэдэг үнэхээр бузар л даа! Гэхдээ янгир явгаар хөөнө гэдэг бас хачин шүү! “Духан бор” хочтой Сүрэнжав гэдэг эр гурван нүхтэй дээвэр(дүүгүүр)-ээр150 метрт зурамны толгой алддагүй байсныг Лхагвадорж нэг ярьсан. Мөн л гайхамшиг!

Үе улиран(Шинчи баянаас хойш) Бурхан Халдунаа нутаглаж байсан урианхай нар хэдийд Алтайн их уулсад ирсэн бол? гэсэн асуулт аялан явахын зуурт сэтгэлийг минь гижигдсээр байсан даа. Энэ асуултын үзүүрийг олоход бэрх л дээ. Шинчи баянаас хойш “МНТ”-д дурдагдсан урианхай эмэгтэйг дурдваас: “Дүйрэн (уулын) хэрүүгээс Түнхилэг горхи уруу бөлөг иргэн нүүж ирэв…Бодончар алгинч агуулж, нэгэн думд хээлтэй эмийг барьж, “Чи юун хүмүүн?” гэж асуув. Тэр эм өгүүлрүүн: “Би Жарчууд Аданхан Урианханжин” хэмээв.” Үүгээр бол Бодончарын хатан нь Урианханжин нэртэй байжээ гэмээр.  Чоймаа эрдэмтэн түүнийг урианхай овгийн эм хүн гэж тайлбарласан. Энэ үнэн бол тэр бүлэг иргэн урианхад нар байж таармаар юм гэж бодогдож байтал Лувсанданзаны “Алтан товч”-ид “Жарчигуд Урианхайдайн хүн буй” гэж гарч байхаар үл барам Хэрлэнгийн Түнхилэг горхируу нүүж ирэгсдийг ч Дүйрэн хэрүгээс нүүж ирсэн хэмээн тэмдэглэжээ. Тэрхүү энэ хоёр сурвалжид тэмдэглэгдээд байгаа Дүйрэн хаана байгааг судлалтай юм.  Ямартай ч боржигон овгийг үүсгэсэн Бодончарын гэргий нь урианхай байжээ гэж баттай хэлж болох.  Алтайн урианхай нар

Зэлэн дунд нь агссан

Зэрлэгхэн зээрд морь минь ээ.

Зэлэм язгууртай ах нартайгаа

Номынхоо ёсоор найрлая

Сойлгон дунд нь дасгасан

Сайхан халиун морь минь ээ

Сүвээдэй язгууртай ах нартайгаа

Номынхоо ёсоор найрлая(“Сундаалингийн ногоо”) гэж дуулж ирснээр үзэхүйд чухамхүү Бурхан Халдуны хүмүүс гэдэг нь илт.  Ийнхүү түүхэн сурвалж шүүрдээд олсон юм гэвэл урианхайн нэг мянгат Чингис хааны шарилыг хамгаалан Бурхан Халдундаа үлдсэн байх юм. Рашид эд-диний “Судрын чуулган” над нэг түүх өгүүлсэн нь: “Чингис хааны үед Ойн урианхадын зүүн гараас гаралтай мянганы ноён Удачи гэгч байсан. Чингисийг тэнгэрт хальсны дараагаар энэ ноёны хүүхдүүд, тэдний мянгат Бурхан Халдун гэдэг газар мөнх нойрсон буй Чингис хааны алтан ясыг сахин хамгаалж ирсэн. Тэднийг аян дайнд оролцуулдаггүй, энэ ёс одоо ч байгаа” гэжээ. Их эзэн Чингист зориулсан нэг тайлга болох нуурын тайлга дуусах үед “Алтан ордны их манлай түгээл” гэдгийг дууддаг, уг түгээлд

Өндөр шорой өрдөө тулгасан

Өргөн хусахуйг хавтрагдаан тулгасан

Хүйтэн газар аялан явахад

Хүмүлт мөс хэмлэн явахад

Хулан гөрөөсөөр

Хусара бэлдэж,

Хулгар тарвагыг

Зулам бэлтгэж

Ар тээлбэр хадгалсан

Алтан хөмөрсийг сахин суусан

Шилбэт Урианхад түмэнд түгээл… гэж Чингис хааны алтан бичиг-т гарч байна. “Алтан хөмөрсийг сахин суусан” гэдэг нь “хааны алтан ясыг сахин хамгаалж байгаа” гэсэн Персийн түүхчийн бичснийг баталж байнам бус уу? Тэгвэл мөн Баруун түмнийг захирч байсан хүлэг Боорчийн мэдлийн 38 мянгатын дотор “Урианхад овгийн Есөн Туа Тарахын мянган…” байсныг “Судрын чуулган” номонд дурдсан байна. Алтай хавийн түмэн ч гэж нэрлэгддэг энэ баруун жигүүр нь Алтай дамнан байсан тул одоогийн урианхай нар тэдний үр сад ч байж болох талтай. Тэр нь 1000 цэрэг биш 1000 өрх гэдэг нь тодорхой. Гэтэл их өвгө Зэлэмийнх нь ургийн бичиг тэртээ Хорчин нутагт байж байдаг. 1990 онд Өвөр Монголын Улаанхад хотод баарин овогт орчуулагч Я. Доржийн урилгаар очиход Дорж намайг Ар хорчинд нэгэн тариачин айлд дагуулж очсон юм. Гэрийн эзэн нь Зэлэмийн удмын хүн байсан. Тэрвээр монгол хэлээ гүүрэхээ байсан ч монгол бичгээр бичсэн ургийн бичгээ нандигнан хадгалсаар ирсэн юм билээ. Тэгэхэд угийн бичгийн зургийг би авсан. Тэр үед миний авч явсан аппартын чадал ч юу билээ, зургийг үзвээс үсэг нь гаргагдахгүй. Одоо зургийг нь авч ирэхсэн, тэгвэл урианхай түмний түүхийн, ер Монголын түүхийн нэгэн сонин баримт болохсон. “Морьтойсон болоод завтайсан бол” гэж Нацагдорж найрагч нэг дуун алдсан байдаг. Молхи миний хувьд зав гаргавч “морь” нь байхгүй гачлантай. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд Вьетнамыг дайлсан арван түмтийг удирдаж байсан ноён нь Сүвээдэйн нэг хүү Урианхадай нэрт байсан гээд бодчих.

Урианхай нар адуугаа нуман тамгаар тамгаладаг онцгой заншилтайг би түрүүнд өгүүлсэн. Яагаад нуман тамга гэж? Мөнөөхөн “Судрын чуулган”-д “Есөн Туа Тарахын төрсөн дүү Есү Буга Тайши хорч байсан. Тэрвээр Чингис хааны хорч нарын мянганы ноён байсан. Тэдний өвгө Өгөлэй хорч хааны хайр ивээлийг хүртэн хорчийн хувьд шадарлаж, улмаар манай энэ газар(Иран) ирсэн” гэсэн байна. Чухамхүү нуман тамганы тайлал үүнд байх шиг ээ. Урианхайн сур харваа онцлогтой бөгөөд алдартай нь ч үүн лүгээ сүлбээтэй биз ээ. Эндүү биш буй заа! Урианхадын дээдсийн нэг салбар нь их Азийн тэртээх урд үзүүрт байлдаж байхад нөгөө салаа нь тэртээх баруун үзүүрт нь дайтаж байж дээ. Нэг хэсэг нь Их эзнийхээ алтан шарилыг хамгаалж байсан байх юм. Зургаан түмэн монголын магтаалаар гул барихад Даян хааны үед урианхай нар Алтайд нутаглаж байсан биш байгаа гэсэн таамаг төрж байх. Алтайн цаадах говьд хулан гөрөөс намнаад, Алтайн өндөр ууландаа ирж хулгар тарвагаар зулам хийгээд л. “Худгийн усан гаргач урианхан” гэсэн нь ч шүлэглэхийн тулд л хэлсэн өгүүлбэр биш нь мэдээж  бөгөөд “Монголын нууц товчоон”-д дурдснаар Өгөөдэй хааны нэмсэн дөрвөн үйлсийн нэг нь “усгүй газарт худгууд эрүүлж(малтуулж), улс иргэнийг ус өвсөнд хүргүүлсэн” явдал билээ. Урианхад нар энэ чухал үйлийг залгуулагч байжээ гэж бардаагаар хэлж болох, тэгэхдээ Алтайн цаадах говьд гэж эргэлзэнгүйхэн хэлж болох юм аа. Дээр дурдсан “Алтан ордны их манлай түгээл”-д

Хаан эзэн харь дайсанд зорин одохуйд

            Хайр овооныг хайн явахад

            Харанхуй их замыг гэтэн явахад

            Өндөр уулын өлт хөтөл

            Өргөн далайн олом зааж

            Өстөн дайсанд

            Өлбөрсөн барс

            Өлөнгөтсөн чоно

            Өрөнхөдсөн бүргэд мэт довтолж

            Охид хөвүүдийг олз болгосон

            Усан далайн олом болж

            Уулын оргилын таг болж

            Өдөр эндэх үгүй

            Шөнө түүдэггүй явж хүчээн өгсөн

            Урианханы Тамага газарч… гэж шүлэглэсэн байна. Энд урианхай нарын улсдаа гүйцэтгэж байсан газарчийн үүрэг, Тамага газарчийн гавъяаг өгүүлсэн боловч ахиулан бодвоос ер урианхай нарын байгуулсан гавъяа зүтгэлийг магтан дуулжээ гэж болох юм.

Тамга гэснээс Б.Эрхэмбаяр багш тамганы сийлбэртэй модон бариул хадгалж байна. Түүнийг Дуут сумын Донров гэдэг даланнайман настай эрдэмт лам өвгөн түүнд өгчээ. Уг бариулыг өгөхдөө “Үүн дээр сийлсэн хээ болгон нь учиртай юм шүү” гэж хэлсэн боловч хэлүүлж авч амжсангүй, өвгөн бурхан болжээ. “Энэ нь Урианхай овогтны тамганы бариул” гэж хэлсэн байна. Уг тамга алдагдсан тул уг тамгийг үзэж байсан тэр өтгөс өөрөө дуриалгаж сийлсэн байж. Эрхэмбаяр түүнийг хэн хүнд үзүүлээд байдаггүй авч “Таныг би мэдэлгүй яах вэ” гээд над үзүүлснээр барахгүй зургийг нь авахыг зөвшөөрсөн. Өчүүхэн намайг түүний тэгэж үнэлсэнд нь баярлаж л суулаа.

Утаатай бор авдарт эрдэнэ бий

            Улцайсан муу өвгөнд эрдэм бий гэж манай урианхай нар ярьдаг юм. Тийм өвгөд манайд олон байсан даа гэж Эрхэмбаяр бахдангуй өгүүлсэн. Одоо ч цөөрч байна даа гэсэн харуусангуй аяс давхар дуулдсан.

Урианхай нарынхаа Улс Монголдоо байгуулсан гавъяаг эл бяцхан тэмдэглэлд өгүүлж яахин барах!..Намайг Цаст цагаан уулруу гарахад Жимсээ дарга “Манай уулыг үзсэн хүн шүлэг бичдэг л юм даа” гэж намайг цаашлуулах шиг болсон. Би ямар шүлэгч биш гэсэн бодол над төрж байсан. Гэвч Жамъянгарав оргилыг үзэхдээ

Жарчудай дарханы тулман хөөрөгнөөс

Цорволзон ноцсон галын галбир

Зэлэм, Сүвээдэйн хатан нумнаас

Цойлон шунгинсан сумны гилбэр

            Алтан нарны шашир сацрагыг

            Огтоос халгаалгүй эргүүлж шиддэг ч

            Аршаалж өргөсөн сүүн сацлыг

            Оройгоо тавин шингээж авдаг аа.

Солонгорон алаглах атриат Алтайн

Зүрхэнд сүндэрлэсэн сүлдэн хаан

Сүмбэрлэх заяат урианхад түмний

Сэтгэлийн тахилгат нандин шүтээн

            Алиман сарны мөнгөрөх туяаг

            Өөд нь хальтраан буцааж харвадаг ч

            Өглөөн цайны ариун дээжийг

            Өвчүүгээ мэхийлгэн тосч авдаг аа

Зуун найман толон нууранд

Залиа тольдсон цалин соёмбо

Цооронд амилсан зузаан туулинд

Цолгорч мөнхөрсөн Жамъянгарав

Маргад тэнгэрээс шүхэрлэсэн цасыг

Магнайдаа тогтоолгүй шилгээж орхидог ч

Урианхан түмний нандин хүслийг

Уриалгахан гэгчээр гүйцээж өгдөг өө гэсэнрэхүү юм биччихэлээв шүү.

Энэ маань яруу найргийн аваргуудын шүлгийн дэргэд “ичмээр дамшиг” хэдий ч сэтгэлийн угаас гарсан юмыг яалтай билээ, бөх зүрхтэй сийрүүлж орхилоо, энд өгүүлсэн бүхний минь төгсгөлийн шүлэг(colofon) болох болтугай.

…Миний суусан Газ 69 машин Дунд Сэнхэрийн амыг тахирлан мухирлан уруудсаар, эмнэг хангал шиг цамнах Хар асганы хүрхэрээг өнгөрөөд өөдөөн цоройх их хавцлаас суга үсрэн гарч ирлээ. Сайн хүмүүсийн буянаар Цаст цагаан уулын цээжээр аяласан тав хоногийн аялал минь үүгээр дууслаа. “Хилийн цаана харь газарт хавчигдаж байгаа урианхад маань зан заншлаа биднээс илүү хадгалж байдаг юм билээ” гэж Лхагвадорж маань нэг хэлсэн. “Морьтойсон бол!..”

 

1a.       Нэг      Алтайн сан оршвой[1]

 

1b:      … (?)

 

1b 01. 2 Ом  дэлэгсүн зорчог. Энэ цагийн

1b 02.  эзэн Шагжамуни бурхан эхлэн

1b 03.  арван үзгийн[=зүгийн] бурхан мөн ёсон

1b 04.  баригчaн шарын шажны эзэн богд

1b 05.  Зонховагийн гэгээн эцэг ба

1b 06.  хөвгүүн болоод, бодьсатва бэлгэ

1b 07.  билгийн нүдэт дээд номын

1b 08.  сахиусан бүгдээрт дээж

1b 09.  өргөж тахинам бид

1b 10.  өргөж тахинам бид. Эндээс

1b 11.   айлдаж  өөд болон соёрх. Миний

1b 12.  унги унгиас нь энэрэн асран

1b 13.  харьяалагч эцэг хөвгүүн болоод

1b 14.  одоо бид хүртэлх бүгдийг

1b 15. энэрэн асран харьяалагч

1b 16.  сахиусан тэнгэр Алтайн

1b 17.  хан,  Ховог  сайр,  богд Алаг

1b 18.  уул, Эрчис, Бор тал, Ил,

1b 19.  Булган, Сэнгэр, Дэлүүн

1b 20.  эхлэн асарч хайрлагч хамаг

1b 21.  газар усны эзэн

2a:      … (?)

 

2а  01. 2 болоод ялгуугсан

2а  02. энэ орон дэлхийн эзэн

2а  03. бүгдээрт дээж өргөж

2а  04. тахинам. Бид бүгдийг

2а  05. айлдаж эндээс  өөд болон

2а  06. соёрхон энэ цагийн шажны

2а  07. эзэн Шагжамуни бурхан эхлэн

2а  08. арван зүгийн бурхан бүгдийг

2а  09. тахимуй  цөөг хайрханд нь.

2а  10. Ёс баригч шарын шажины

2а  11. эзэн богд Зонховагийн

2а  12. гэгээн эцэг хөвгүүн бүгдээрийг

2а  13. тахимуй  цөөг хайрхан. Хамаг

2а  14. бодьсатвагийн бэлгэ билгийн

2а  15. нүдэт дээд номын сахиусан  бүгдээрийг

2а  16. тахимуй цөөг хайрхан. Миний

2а  17. унги унгиас энэрэн эцэг

2а  18. ба хөвгүүн болоод одоо бид

2а  19. хүртэлх бүгдийн асран
2а  20. хайрлагч  сахиусан тэнгэр

2а  21. бүгдээр  тахимуй цөөг хайрхан.

2b

2b 01. Алтай хан, Ховог сайр, богд

2b 02. Алаг уул бүгдээрийг тахимуй цөөг хайрхан

2b 03. Эрчис, Бор тал, Ил

2b 04. эхлэн миний унгийн унгиас

2b 05. наар[=нааш] асар харилагч хамаг агч

2b 06. хан газар усны эзэн богд

2b 07. ялгуусан энэ орны дэлхийн

2b 08. эзэн бүгдээрийг тахимуй цөөг хайрханг.

2b 09. Булган, Дэлүүн, Сэнгэр цэнгэл

2b 10. өрсөх бүгдээ тахимуй

2b 11. цөөг хайрханг  хэзээнээс наар[=нааш]

2b 12. үл мэдэх,  үл чадахын

2b 13. эрхээр буруу хийснийг маань та

2b 14. бүгдээр өршөөж хайрлан одоогоороо ч

2b 15. шажин төрийн

2b 16. үйлд маань хагацахын шалтаг

2b 17. бүгдийг зохилдуулан хой..

2b 18. шалтаг бүгдийг эвцүүлж

2b 19. амь насыг маань урт болгож

2b 20. хайрла. Адал малыг маань

2b 21. олон болгож хайрла. Орон

3a        Гурван

3а 01. … (?) үндсэн болоод  отог дөчин

3а 02. сумыг олон болгож хайрла.

3а 03. […]бо өвчин ад тотгор бүгдийг нь

3а 04. […]ni aрилгаж хайрла. Эв

3а 05. [.]эеийг маань сайн болгож хайрла.

3а 06. Буян хишгийг минь дэлгэрүүлж

3а 07. хайрла. Өшөөтөн дайсныг минь

3а 08. сөнөөхөд минь дорж хайрла

3а 09. ………..зуузайд минь оруул-ж  хайрла. Дотроос

3а 10. [г]арагч гаршыг боож газаагаас[=гаднаас]

3а 11. үргэлжид  оршыг оруулж

3а 12. хайрла. Үргэлжид  хагацал

3а 13. үгүй нөгчөөж хайрла.

3а 14.Орныг минь  жаргааж

3а 15. хайрла. Хайрхан хамгийг

3а 17. [.]айлдаж хайрла. & :  &
3а 18. [.]Oм сарва ман га лам & :  &

Мөнххайрхан-Улаанбаатар

Ашигласан ном зохиол

1.“МНТ”. УБ., 2006

2. Лу. “Алтан товч”. УБ.,2006.

3. Rashiduddin Fazlullah’s Compendium of Chronicles. Part One.(Рашид эд-дин. Судрын чуулган)

4. Чингис хааны алтан бичиг. Хайлаар. 2006.

5. Х.Шаралдай. Чингис хааны онгон шүтээний тайлга тахилга. УБ., 1999.

6. Б.Катуу. Монгол урианхайн аман зохиол. УБ.,2011.

7. Г.Гонгоржав. Монголчуудын модон өв соёл. УБ., 2011.

8. Ц.Бөхөө. Түүх бүтээлцсэн ард түмэн минь. 2007.

9. Б.Баатар. Булган нутгийн буянтай буурал. Булган сум. 1999.


 


[1] Ховд аймгийн Мєнххайрхан сумын Банзарын Рагвагийнд хадгалагдан байна.

Advertisements
  1. Ш.Гантөгс
    February 17, 2013 at 9:36 pm

    Уншиж сэтгэл баясав.Танд уран бүтээлийн их амжилт хүсэн ерөөе.

  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: