Home > Uncategorized > “Эргүнэ Гун”-ыг зорьсон эрхлэгчийн номыг эргэцүүлэхүйд

“Эргүнэ Гун”-ыг зорьсон эрхлэгчийн номыг эргэцүүлэхүйд

rekt3Би хэний үр удмын үргэлжлэл вэ, бидний өвөг дээдэс хаанаас уг гарвалтай юм бэ гэдэг асуулт бол амьдралд тохиолдох түмэн асуултаас хамгийн сонирхолтой болоод аз жаргалтай нь юм. Хүн гээч үргэлж алив зүйлийг ургуулан бодож, төсөөлөн сэтгэж хариулт нотолгоо хайж, эрэн сурвалжилж түүгээрээ өөрийгөө зовоож, бас жаргааж суудаг амьтан. Энэ бол амьдралын мөн чанар, учир утгын нэгээхэн хэсэг. Монголчууд шиг хэдэн мянган жилийн асар баян түүхтэй, нэгэн үе дэлхийн төв нь болж явсан омог бардам үндэстэнд учрыг нь олж, хужрыг нь тунгаах зүйл үй түм бий. Соён гэгээрүүлэгч Б.Ринчен бээр нэгэнтээ “Ази тивийг хүн төрөлхтний хамгийн эртний соёлт тив гэдэг бол монгол хөрс, газар шороо нь тэр эртний соёлын дурсгалт зүйлээр бараг чигжээстэй гэж болно. Хуучин, шинэ чулуун зэвсгийн үеийн бууц, зэс, хүрэл, төмөр зэвсгийн үеийн зэр зэвсэг, үй түмэн хиргис, хүүр, хад чулууны бичиг, эртний сүрлэг хот, хэрэм цайз, далан цамхаг, дундад эртний хот суурины үлдэгдлээс үзэхэд Монгол орон хэзээнээсээ нааш суурьшсан газар зүй, нүүдэлчний нутаг байсан гэж өрнө зүгийн зарим түүхч нарын үздэг нь ор баримтгүй ажээ” гэж хэлсэн байдаг.

Орчин цагийн бичгийн иххүн Г.Аким бол Монголын түүх шаштир, бичиг соёлтой холбоотой элдэв мэдээ мэдээллийн баримт нотолгооны хойноос эцэж цуцалгүй явж, эрэн сурвалжилж, зарим нэг оньсогыг тайлж, шинжлэх ухааны таамаг, нотолгоог дэвшүүлж монголчуудын уг гарвалаа мөшгих их үйлсэд зөн совингийн оч бадраах хэт цахиж яваа нэгэн. Г.Аким 1990-ээд оны эхээр “Ил товчоо” нэртэй цомхон бүрэлдэхүүнтэй ч өргөн сэдвээр бичдэг том сониныг удирдаж байхад би цэрэг нь явлаа.Монголын нэн шинэ үеийн маш сонирхолтой цагт хамгийн олон уншигчтай сонины нийтлэлийн гольдролыг залахын зэрэгцээ “Гэгээн Шамбал”-аа хэрхэн хөрвүүлэхийг нь хараад бид эрхлэгчээрээ бахархдаг байв.Тэр үед Аким эрхлэгч “Зуун жилийн ганцаардал”-аа орчуулаад олны хүртээл болгочихсон, яруу сайхан үг хэллэгтэй, хурц хийгээд шударга, содон чамин нийтлэлээрээ аль хэдийнэ түмний танил болчихсон байлаа. Би түүнийг одоо хэр эрхлэгч гэж хүндэтгэн дуудахдаа он жилийн уртад улам бүр чамбайран зузаарах уран бүтээл, хэзээ ч хэнээс ч үл дальдрах зан, зангаргаар нь бахархсаар явна. Өөр дээрээ гал дуудаж, байнга л ээдрээтэй бөгөөд эгзэгтэй асуудлын учир начрыг тайлах гэж зүтгэдэг, эрдэм номд гэгээрсэн түүнтэй нэгэн үе хамт ажилласнаа нэр төрийн хэрэг гэж бодном.

Уншигч таны гар дээр очиж буй энэ бүтээл сэдэв болоод агуулгын хувьд эрхгүй анхаарал татна. Хүүхэд ахуйдаа Бөртэ чоно, Хоо марлын үлгэр домгийг сонсож өсөхдөө чоно, марал буга хоёр яахаараа бидний өвөг дээдэс болдгийг балчирхан ухаандаа ойлгох гээд хүчрээгүй над мэтийн хувьд “Эргүнэ гун”-ы домгийн тухайд Г.Аким эрхлэгчийн дэвшүүлэн буй таамаг үнэмшилтэй байж болох мэт санагдана. Урьд өмнө эрдэмтэн судлаачдын бичиж дэвшүүлсэн судалгааг зүгээр ч нэг уншиж харьцуулсан төдий зүйл биш, амь өрссөн аялалд өөрөө явж, нүдээр үзэж, биеэр нотолж, бүх эд эсээрээ амсаж мэдэрсний хувьд энэ судалгааны бүтээл үнэтэй юм. Харин түүнээс өмнө хэн нэгэн эрдэмтэн тэр замаар өгсөж, язгуур домгийн баримт нотолгоог яагаад хайгаагүй юм бол? Юм бүхэнд өөрийн цаг хугацаа, бас эзэн нь бий гэдэг. Домогтүүхийг бодитой баримттай зүйлийн нотолгоо гэдгийг шинжлэх ухаан хэлчихсэн. Тэгээд ч Аким эрхлэгчийн бичсэнчлэн “монголчуудын уран сэтгэмжид хязгаар гэж үгүй” шиг, түүний бодол санаа, зөн совинд хаалт халхавч үгүй билээ. Энд бэлгэдэл, домог үлгэр, зөн совин, сэтгэлгээний академик эрх чөлөө, таамаг, таамаглал, түүх, баримт цөм бий. Хэрхэн тайлахыг уншигч таны мэргэн ухаан мэдтүгэй. Эрхлэгч маань дахиад ямархан оюун ухаан хийгээд эрдэм номын шим хүртээхийг хүлээх л үлдэв.

Э.Сонинтогос /Хэл шинжлэлийн ухааны доктор/

Advertisements
Categories: Uncategorized
  1. No comments yet.
  1. No trackbacks yet.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: